Thursday, September 15, 2011

Сэтгэлд хөгжим эгшиглэхүй


Ээжүүд бидний сэтгэл зүрхэнд хөгжмийн тэрхүү уяхан намуухан айзам эгшиглүүлдэг нь бяцхан булбарай жаалууд маань юм. Сэтгэлд минь эгшиглэх тэрхүү уянгалаг намуухан айзам энэ дэлхийн аль ч хөгжимтэй зүйрлүүлж үл болом бурханы хөг гэлтэй. Энэхүү уянгалаг айзам зөвхөн дэлхийн ямар ч хэр буртаггүй оршихуйгаас эгшиглэнэ. Энэ  оршихуй бол бидний гартаа болгоомжтойхон тэврэх энхрий булбарай жаалууд минь юм.  Ингээд бодохоор бурханы бидэнд итгэж илгээсэн цагаахан тэнгэрийн элчийн ээж байна гэдэг бид үнэхээр азтай. Хүмүүн бидний жинхэнэ төрөлх чанар бол зөвхөн гэрэл аялгуу юм.   Жоохон хүүхэд энэ чанараа хадгалж чаддаг учираас ийнхүү эгшиглэдэг бизээ. Харин энэ дэлхий өөрөө сайн муу хослогч тул энэ цагаахан элчдийг сайн хүн болгож өсгөнө үү муу хүн болгож өсгөнө үү ээжүүд бидний л гарт байдаг. Зүрхэнд хайр сэтгэлд ухаарал байсан цагт үйлдэл бүхэн зөв хэмээн бодон хүүхдээ сайн хүн болгож өсгөх ухамсартай нь ээжүүд бид юм. Тиймээс ээж хүний үүргээ ухамсарлан машид хичээн соёрхцгооё.

Copyright by Ariunzul.Ganbaatar

No comments: